Search This Blog

math is my favourite subject

math is my favourite subject

Wednesday, April 28, 2010

Тэр эмэгтэй 94 настай. Тэгээд энэ юу нь гайхалтай байгаам, иргэд нь өндөр насладаг америкад түүний үеийнхэн зөндөө бүүр түүнээс ч өндөр настай олон хүн бий ш дээ...Тэр хоёр удаа гэрлэж зургаан хүүхэд өсгөсөн, дэлхийн хоёр дайныг туулж эдийн засгийн хоёр хямралыг давж гарсан ба 15 америкийн ерөнхийлөгчийн нүүрийг үзсэн. Тэр ганц бие ээж байж сувилагчаар ажиллаж байсан, концерт тоглолт зохион байгуулдаг, урлагийн жинхэнэ хорхойтон. Бас дөч гаруй ач зээтэй. Байдаг л түүх... өдий насалсан юм чинь ийм юм үзэж туулалгүй яадгийн, ийм урт насанд дөнгөж хоёрхон гэрлэсэн нь сонин гэж үү, эсвэл ийм олон ач зээтэй нь үү...

Үгүй ээ. Ямар нэгэн өвчин эмгэгт биш юмаа гэхэд насны доройтолд дарагдчихаад хэн нэгнээр асруулж эсвэл тэргэнцэр дээр түрүүлэн өдөр хоногийг өнгөрөөж ой ухаан нь муудсанаас дэргэдэх хүнээ залхтал нэг юмаа улиг болтол давтан асууж хольж хутган ярьж суудаг өөрийн үе тэнгийн үхэр хонь жилтнүүдээс ялгаатай нь тэр эмэгтэй энэ хавар коллеж төгсөж байгаа юм.

Mills коллежийн урлаг судлалын ангийн оюутан Hazel Soares ердөө сарын дараа л дипломаа авна. Ахлах сургууль төгсөөд 78 жилийн дараа коллежид сурч төгсөнө гэдэг гайхалтай биш гэж үү...

San Francisco Chronicle сонины 2010 оны 4 -р сарын 23-ны дугаар. Оюутан бүсгүй Египетийн урлагийн түүхийн хичээл дээр

Түүний гарт үргэлж ном харагддаг, байнга дуурь, симфони балет үзэж байдаг юм гэж хүү 59 настай Matt Soares ярьжээ. Гэхдээ тэр дэлхийн хамгийн өндөр настай коллежийн төгсөгч биш гэнээ. 95 настайдаа Канадын Fort Hays State University-г 2007 онд төгссөн Nola Ochs (за эр эмийг нь мэдсэнгүй, хи ши-г нь бичээгүй байна, гэхдээ адтай урт насалдгаар нь бодвол эмээ л байх даа) Гиенисийн номонд бичигдсэн юм байна.

Хэдийгээр ийм насанд сургуульд сурч мэргэжил эзэмшинэ гэдэг гайхамшигтай боловч энэ нь түүнийг үнэгүй сургана гэсэн үг биш, тэрээр коллежийн төлбөрөө хоёрдахь нөхрийнхөө Дэлхийн хоёрдугаар дайнд оролцогчийн тэтгэврээр төлжээ. 1915 оны 6 сарын 21-нд ( америкчууд яг төрсөн өдрөө хүрэхээр л насаа нэмдгийн, бараг 95 хүрчихсэн байгааз) Сан Францискогийн ойролцоох Ричмонд хотод төрсөн Hazel багаасаа урлаг, уран зураг, эртний урлагийн түүхийг сонирхож ирсэн бөгөөд Сан Францискогийн Азийн модерн урлагийн ба Гоулдэн Гэйт Парк дахь De Young музейнүүд, Оакланд хот дахь Калифорнийн музейн гишүүн бөгөөд ивээн тэтгэгч юм.

2005 онд Милс коллежид элсэн орсныхоо дараа дунд сургуульд сурч байхдаа тийм ч сайн тоочин байгаагүй түүний хувьд тун хэцүү даваа болох математиктай "байлдаж" ялан дийлэх зорилго тавиад зорьсондоо хүрч чаджээ. Энэ эмэгтэй (би л лав түүнийг эмээ гэж дуудаж чадахгүй нь ээ) насандаа баймгүй эрүүл чийрэг биетэй, саруул ой ухаантай, одоо болтол машинаа жолооддог гэнэ. "Гурван жил тутамд нэг удаа эмчид үзүүлэхэд надад ямар нэг эм өгдөггүй харин ч баяр хүргэдэг" гэж ярьжээ. 65 наснаасаа хойш өдөр бүр усанд сэлдэг, байнгын идэвхтэй ажил амьдрал түүнийг урт удаан эрүүл амьдрахад нь тусалдаг гэж тэр үздэг юм байна. Сургуулиа төгсөөд аль нэг музейд ажиллах төлөвлөгөөтэй гэнэ.

Ирэх тавдугаар сард сургуулиа төгсгөх 94 настай оюутан маань урлагийн түүхийн нэг хичээлээ дуусгаад (хаалгаад) гарч явна.

Гайхалтай гэхээс юу гэхэв дээ. Өтөлсөн болохоос үхсэн биш гэж үүнийг л хэлэх байх даа. Энэ "мөнхийн" залуу америкчууд ная хүрч дурлал хайрандаа жаргаад, ер хүрч сургуульд суралцаж бараг зуун настай ажил хийгээд үхэх ч завгүй явцгаах юм даа.

No comments:

Post a Comment